Tuesday, June 5, 2018

Амьдрал дунд би нүв нүцгэн явна
Абсурд даавууны өөдсөөр үсээ шуучихаад
Ахин ирэхгүй энэ л хормуудыг орхиж байна
Эргэж би энд ирэхгүй ээ!
Ээмэг зүүдэггүй чихэнд минь гуниг савлаж л явдаг юм
Эдгэртлээ би нүв нүцгэн л явна
Эхнээсээ дуустал энэ биеэрээ нүцгэн алхална

Гурвалжин үүлсийн дундуур
Хэн нэгэн ширтээд байх шиг
Гудиггүй залуу насаа нүцгэн чигээр нь л үлдээмээр
Гүүрэн дээрх болзоондоо ч нүцгэн хэвээр очно
Хувцас, эдлэл, гоёлоо түр мартагнаад
Эргээд нэг хараач
Хувь тавилангийнхаа дундуур бүгд л нүцгэн ирснийг!
Амьдрал дундуур би хувцастай алхаж явна
Ахиад сайн ажвал нүв нүцгэн яваа
Абсурд жаахан өөдсөөр л үсээ торгоочхоод
Ахин ирэхгүй “Яг одоо”-г
Орхиж байна!


Monday, August 28, 2017



***
Хараацайн сүүлний  завсраар гурвалжин нар инээмсэглэхэд
Хачин байшингаа  тордон моддын оройд амьдарнам, би
Ганцхан хөлтэй  байшингийн минь ёроолоор
Галзуурсан шоргоолзнууд  дуулалдан байна
Үл мэдэгдэх бүгтхэн хоолой тэртээгээс  гарч
Үүрийг минь зорьсоор чихэнд минь хоногшжээ
Дулаахан алганд минь нойрсох шидэт үгээ сэрээж
Дутуу  татсан хөшгөндөө  өлгөмөгц
Буцалсан их амьдрал тэртээ  хол санагдана
Булгилсан улаан наран
Яасан урт санагдана вэ? 
***


Wednesday, August 23, 2017



Хавар
1. Савчин ганхах дүүжин сандлын үзүүр дээр
Сарны дүрстэй бүсгүй тайчиж байна
Янаг бяцхан Лолито өвөрт тэлчлэх шиг
Яг л ийм хавар иржээ!
Ядруухан гудамжнаа
бодлууд нисэлдэж
Хүмүүс бужигналдах нь...
Тамхины утаа цэнхэртсэн өрөөний минь
Тааз бүхнээс дүүжлүүр савчих нь
...
Тайтгарал юмдаа,
Хавар юмдаа! 

2. Шарил бүхнийг өвс бүрхээд
Шаналал бүхнийг аргад
жээ
Биднээс өмнө үхэж үзсэн хүмүүсийн
Биен дээгүүр нь хавар тэлчилж байна!
Тархиар дүүрэн  золгүй бодлууд
Танил хүрэмний  минь завсраар     цухалзахад
Шанаагаа тулан суугаа бүсгүйн хормойгоор
Шагалзан наадсаар өдрийг барна
Ийм л нэг эрээ цээргүй
,
Шалдар булдар өдрүүдийн эцэст
Шархадсан цэрэг шиг үхэтхийн унах минь
Ай, хавар аа! 
***



 ***
Дугариг холын сарнаас үдэш бүр адис авна
Дугариг холын саран үдэш бүр адислана
Дугариг холын саран ганцаархнаа  байсаар л байна
Дугариг холын сар бид хоёр тус, тусдаан ганцаардсаар л байна...
Дугариг холын саран нэг л удаа  нулимс унагасан нь
Дурлал байж, миний  дурлал байж
*** 



***
Ус  цалгихад, нэгэн түрс загас болон анх сэлнэ
Тэгэхдээн чиний зүрхнээс холдож  үл зүрхэлнэ
Тэр загас чинийх ч  үнэндээ  бол минийх!
Чамайг инээхэд нүдээ  цавчдаг загас
Чамайг уйлахад  алган дээр минь амьсгалж  л байдаг загас
Чамгүй  бол хэзээ  ч мэндлэхгүй тэр загас
Чамайг байхгүйд зүрх нь цохилсоор л байна
Гайхах хэрэггүй юм
Ганцхан үнсэлт
***




Хэтдээ  юунд хүрэхийг үл мэдэн
Хэтэрхий  их зовлон үрслүүлжээ, чиний зүрхэнд
Чигчий  хуруугаараа  хүрсэн ч хагарчихмаар
Чин  сэтгэлийг  чинь яалтай  билээ?
Цэх зогсоод эргэж  харахгүй одъё гэвч 
Чиний бүдэгхэн дүр  хана болон  эгцэлжээ
Хэзээ  ч ийм хүнд өдрүүд 
Мөрөн дээр минь дарж  байсангүй!
 Нам гүм байх тоолонд чинь
                                                             Нас минь хорогдсоор л байна даа!
!

Амьдрал дунд би нүв нүцгэн явна Абсурд даавууны өөдсөөр үсээ шуучихаад Ахин ирэхгүй энэ л хормуудыг орхиж байна Эргэж би энд ирэхгүй ...